Шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл шаардлага, стандартад нийцүүлэн шуудангийн илгээмжийг хугацаанд нь үйлчлүүлэгчдэдээ хүргэж өгөх үүрэг хүлээдэг.
Уг үүргийг хэрэгжүүлэхэд шуудангийн компаниудын хүргэлтийн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтаас хамааран, Шуудангийн тухай хуулийн 9.1.6-д заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоосон шуудангийн илгээмж хүргэх хугацааг мөрдөж ажиллана” гэснийг хэрэгжүүлэн ажиллахад хүндрэл тулгараад байсан юм. Тус хороо нь Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвд удаа дараа хүсэлт гаргаж шийдвэрлүүлснээр шуудангийн аюулгүй байдлын стандарт болон холбогдох бусад стандарт, шаардлагуудыг хангасан 110 шуудангийн тээврийн хэрэгслийг улсын дугаарын хязгаарлалтгүй зорчихоор боллоо.
Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг.
Монгол улсын хаягийн бичвэр нь дээрх стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг гардан авсан.
Энэхүү стандарт нь хаягийн бичвэрийн хувилбаруудыг программчилснаар дэлхийн аль ч улсаас Монгол Улсын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээмж явуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм.
Манай Улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн санд Монгол улсад хэрэглэгдэх шуудангийн хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулаад байна.
Хил хязгааргүй хөгжиж буй цахим худалдаанд тулгарч буй бэрхшээл нь хаягийн бичвэрийн асуудал байгаа бөгөөд энэхүү стандарт хэрэгжсэнээр шуудангийн илгээмж төөрөх, буцах зэрэг саатлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
ХХЗХ 2022 онд уг батламжийн сунгалтыг хүлээж авсан.
Дэлхийн шуудан холбооноос 54 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран 9 дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн захидал бичлэгийн уралдааны сэдэв нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “Далай, тэнгис, тэдгээрийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах” 14 дэх зорилтод чиглэж байгаагаараа онцлог юм.
Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 багшийг тус тус шалгаруулна.
Нэг. Уралдааны зорилго:
· НҮБ-аас хэрэгжүүлж буй тогтвортой хөгжлийн 17 зорилтын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх;
· Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээн дэлгэрүүлэх;
· Төрийн бичиг хэргийг хос бичгээр хөтлөн явуулах, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх зорилгод хувь нэмэр оруулах;
· Сурагчдын монгол хэл бичгийн чадварыг дээшлүүлэх, зохион бичих, уран сэтгэмжээ илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, сурч боловсрох, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах;
· Шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх;
· Ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай хамтран ажиллах, дэмжих;
Хоёр. Сэдэв:
“ӨӨРИЙГӨӨ ДАЛАЙ ГЭЖ ТӨСӨӨЛБӨЛ ЯАГААД ЧАМАЙГ ХАЙРЛАН ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ ТАЛААР БИЧЭЭРЭЙ”
Гурав. Хамрах хүрээ, хугацаа:
· Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулиудын 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.
· Хугацаа: Захидлыг 2025 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт доорх хаягаар хүлээн авна.
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033
Дөрөв. Оролцогчид тавигдах шаардлага:
- Сэдвийн хүрээнд захидлыг монгол болон кирилл бичгээр гаргацтайгаар сурагч өөрөө бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;
- Захидлын үндсэн элементүүд болох мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
- Захидал нь 1000 үгнээс хэтрэхгүй байх;
- Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
- Зөвлөгөө өгч хамтран ажилласан багшийн нэрийг дурдсан байх;
- Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
- Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч зааврын дагуу өөрөө бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;
Тав. Багшид тавигдах шаардлага:
- Захидлын уралдаанд хүүхдүүдийг идэвхтэй оролцуулсан байдал;
- Уралдааны сэдэв, зорилгыг сурагчдадаа ойлгуулсан байдал;
- Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал;
Зургаа. Уралдаан дүгнэх журам :
- Сурагчийг шалгаруулах: Уралдаанд оролцогчдоос эхний 5 байранд нийт 15 хүүхдийн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж шалгаруулна.
- Багшийг шалгаруулах: Эхний 2 шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогчдын захидалд хамгийн их бичигдсэн 5 багшийг шалгаруулна.
Долоо.Шагнал, урамшуулал :
Сурагч :
Нэгдүгээр байр: 1 сурагч. Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
Хоёрдугаар байр: 2 сурагч. Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
Гуравдугаар байр: 3 сурагч. Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
Дөрөвдүгээр байр: 4 сурагч. Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
Тавдугаар байр: 5 сурагч. Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Багш:
Нэгдүгээр байр: Өргөмжлөл, 500,0 мянган төгрөг
Хоёрдугаар байр: Өргөмжлөл, 400,0 мянган төгрөг
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг
Дөрөвдүгээр байр: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг
Тавдугаар байр: Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг
Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи, Франц хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.
Найм. Удирдамж хүргэх:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын 885 сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.
Ес. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.
Арав. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:
Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Хүүхдүүд та бүхэн захидал бичлэгийн уралдаандаа идэвхтэй оролцоорой !