Түр хүлээнэ үү

Газрын зургийг ойртуулна уу

Харилцаа холбооны
зохицуулах
хороо

Хууль тогтоомж

БҮСЧЛЭЛИЙН КОДЫГ НЭВТРҮҮЛЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Засгийн газрын 2007 оны 200 дугаар

                           тогтоолын хавсралт

 

БҮСЧЛЭЛИЙН КОДЫГ НЭВТРҮҮЛЭХ, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Монгол Улсад бүсчлэлийн кодыг нэвтрүүлж, хэрэглэхтэй холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

            1.2. Бүсчлэлийн кодыг олгох, мэдээллийн сан байгуулж эрхлэх асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцна.

            1.3. Энэхүү журмын хэрэгжилтэд тавих хяналтыг шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

Хоёр. Нэр томъёо

            Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

            2.1. "Бүсчлэлийн код (зип код*)" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх боломж бүхий нөөцтэй 5 оронтой цифрээр илэрхийлэгдсэн Монгол Улсын шуудангийн нэгдсэн кодыг;

            2.2. "Мэдээллийн сан" гэж  бүсчлэлийн   код, түүнтэй хамт хэрэглэгдэх шуудангийн хаягийн бусад бичвэр, байршлын зураглалыг багтаасан өгөгдлүүдийг цаашид өргөтгөх боломжтойгоор үүсгэсэн баазыг;

 

           2.3. "Хаягийн бүс" гэж зорчих хэсэг буюу авто замаар тусгаарлагдсан үл хөдлөх объектод хамрагдах байгууллага, гэр болон орон сууцны нэг хороолол буюу түүнтэй ижил суурин хэсгийг;

 

______________________

*Зип код (zip Zone improvment plan). Олон улсад шуудангийн

 хаягийн хүргэлтэд хэрэглэдэг нэр томъёо

 

Гурав. Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх

          3.1.Бүсчлэлийн кодыг дараахь төрлийн үйлчилгээнд нэвтрүүлнэ:

               3.1.1.  шуудангийн үйлчилгээ;

               3.1.2.  бүх төрлийн лавлах үйлчилгээ;

               3.1.3.  дуудлагын үйлчилгээ;

              3.1.4.  бүртгэлийн үйлчилгээ;

              3.1.5.  даатгалын үйлчилгээ;

              3.1.6.  татварын үйлчилгээ;

              3.1.7.  мэдээллийн үйлчилгээ;

              3.1.8.  бүх төрлийн захиалгат үйлчилгээ;

              3.1.9.  бусад. 

 

3.2. Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээллийн санг олон нийтэд нээлттэй байлгах бололцоог бүрдүүлж түүний  аюулгүй байдлыг хариуцна.

3.3. Энэхүү журмын 3.1-д заасан үйлчилгээ явуулдаг байгууллагуудад бүсчлэлийн кодыг нэвтрүүлж хэрэглэхтэй холбоотой сургалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо зохион байгуулна.

Дөрөв. Бүсчлэлийн кодыг хэрэглэх

 

            4.1. Бүсчлэлийн кодыг зип гэсэн товчилсон үгээр дор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:

                  4.1.1. шуудангийн илгээмжийн хаягийн бичилт;

                  4.1.2. бүртгэл, төлбөр тооцооны маягт;

                  4.1.3. банкны баримт бичигт;

                  4.1.4. дээрхтэй адилтгах бусад баримт бичгүүдэд.

 

            4.2. Энэхүү журмын 4.1-д заасан баримт бичигт зип гэсэн   бичвэр бүхий бичилтийн зайг тусгайлан зааж өгнө.

            4.3. Хэрэглэгч нь зип кодыг тусгайлан заасан зайн дээр  цэвэр, гаргацтай бичнэ. 

             4.4. Зип код нь хаягийн бүс дотор дахин давтагдахгүй байна. 

             4.5. Харилцаа холбооны зохицуулах хороо нь аж ахуйн нэгж, байгууллагад шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай   зөвшөөрөл олгохдоо тэдгээрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хяналт тавих зорилгоор өргөтгөл кодыг нэмж оноож болно.

           4.6. Шуудангийн ялгалт, хүргэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, автомат ялгагч машин унших боломж бүрдүүлэх зорилгоор зип кодыг шуудангийн ил захидал болон дугтуйн дээр бичих  стандарт  гарган мөрдөж болно.

           4.7. Монгол Улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй хуулийн этгээд болон иргэдэд зип кодын талаархи шаардлагатай лавлагааг шуудангийн байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос өгнө.

 

Тав. Бүсчлэлийн кодод өөрчлөлт оруулах

            5.1. Хот, суурин газрыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр хаягийн бүс үүсэх, хот, суурин газрын дотор шинэ хороолол, хотхон бий болох тохиолдолд зип кодыг хот байгуулалт, төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллагын мэдээллийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо онооно.          

            5.2. Шаардлагатай тохиолдолд зип кодыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагатай хамтран судалж шийдвэрлэнэ.   


 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2016 оны 66 тоот тогтоолын

хавсралт

 

ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОДЫГ ОНООХ,

МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ

Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. 1. Энэхүү журмын зорилго нь шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, оноох, мэдээллийн санг бүрдүүлэх, иргэн, хуулийн этгээдийг мэдээллээр хангах, мэдээллийн санд шинэчлэл хийх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. НЭР ТОМЪЁО

2.1. “Шуудангийн нэгдсэн код”гэж Монгол улсын MNS 5880:2008 стандартад тодорхойлсон код.

2.2. “Бүсчлэлийн код (зип код*) ”   гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн хуваарийн дагуу засаг захиргааны нэгжийн болон хот суурингийн хэсэг (бүс)-ийн байршлын тухай мэдээллийг агуулж, тэдгээрийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх, давхардуулан оноогдохгүйгэээр оноох нөөц бүхий 5 оронтой тоон илэрхийлэл.

2.3. “Шуудангийн код” гэж Монгол улсын MNS 5880:2008 стандартад тодорхойлсон код.

2.4. “Мэдээллийн сан”1 гэж бүсчлэлийн код, түүнтэй хамт хэрэглэгдэх шуудангийн хаягийн бусад бичвэр, байршлын зураглалыг багтаасан өгөгдөлүүдийн сан.

2.5. “Хаягийн бүс”1 гэж зорчих хэсэг буюу авто замаар тусгаарлагдсан үл хөдлөх объектод хамрагдах байгууллага, гэр болон орон сууцны нэг хороолол буюу түүнтэй ижил суурин хэсэг.

Гурав. ШУУДАНГИЙН НЭГДСЭН КОДЫГ ОНООХ

3.1. Хүн амын суурьшилтай холбогдон шинээр хаягийн бүс үүсэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) Шуудангийн тухай хуулийн 9.1.3. дах заалтын дагуу бүсчлэлийн кодыг онооно.

3.2. Зохицуулах хороо нь шуудангийн нэгдсэн кодыг боловсруулан оноохдоо бүсчлэлийн кодын мэдээллийн санд тулгуурлан жил бүр Засгийн газрын шуудангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан -Eрөнхий сайдын захирамжаар жил бүрийн 1-р улиралд багтаан батлуулна.

3.3. Шуудангийн нэгдсэн кодыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг Зохицуулах хороо нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газруудтай хамтран судалж, шийдвэрлэнэ.

3.4. Зохицуулах хороо нь шинээр үүсэж буй хаягийн бүсэд бүсчлэлийн кодыг Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт болон орон нутгийн төлөвлөлт хариуцсан төрийн захиргааны байгууллагын хаягийн мэдээллийн санг үндэслэн тухайн бүсийн бүсчлэлийн кодыг нөөцөд тулгуурлан онооно.

Дөрөв. МЭДЭЭЛЛИЙН САНГ  БҮРДҮҮЛЭХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

4.1. Зохицуулах хороо нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газруудтай хамтран хаягжуулалтын мэдээллийг үндэслэн жилд нэг удаа, шаардлагатай тохиолдолд тухай бүр  нэгтгэн шуудангийн кодын мэдээллийн санг шинэчлэн хөтөлнө.

4.2. Зохицуулах хороо нь шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг нийтийн хүртээл болгох үүднээс иргэн, хуулийн этгээдийг www.zipcode.mn цахим хуудас  болон хэвлэмэл материал, гар утасны программ хангамжаар дамжуулан мэдээллээр ханган ажиллана.

Тав. МЭДЭЭЛЛИЙН САНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1. Мэдээллийн сангийн өгөгдөл дараах бүтэцтэй байна. 

            -Хаягийн бүсийн нэр, бүсчлэлийн код

            -Хаягийн бүсэд байрлах дүүрэг, гудамжны нэр

            -Хаягийн бүсэд байрлах албан байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, барилга   байгууламжийн дугаар   

5.2. Мэдээллийн сангаас хайлт хийхэд хялбар болгон өгөгдлүүдийг дор дурдсанаар төрөлжүүлнэ.

- Хаягийн бүсийн нэрээр буюу хот, гудамжны нэр, аймаг сум багийн нэрээр;

- Бүсчлэлийн кодоор;

5.3. Мэдээллийн сангийн зураглалд дараах элементүүдийг харуулсан байна.

- Улаанбаатар хотод барилга байгууламж , гэр хорооллын гудамж, зам талбайн байршил, хаягийн бүсийн  хил, бүсчлэлийн код;

-  Хөдөө орон нутагт аймаг, сум, багийн байршил хаягийн бүсийн хил, бүсчлэлийн код.