МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр |
Улаанбаатар хот |
ШУУДАНГИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь шуудангийн сүлжээ, түүний ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Шуудангийн тухай хууль тогтоомж
2.1.Шуудангийн тухай хууль тогтоомж нь Харилцаа холбооны тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол тухайн олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“шуудан” гэж шуудангийн илгээмжийг хаягласан эзэнд нь хүргэх үйлдвэрлэл-технологийн иж бүрэн үйл ажиллагаа бүхий харилцаа холбооны төрлийг;
3.1.2.“шуудангийн сүлжээ” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын салбар, цэг болон тэдгээрийн хооронд шуудангийн илгээмж тээвэрлэх чиглэлийн нийлбэр цогцыг;
3.1.3.“шуудангийн илгээмж” гэж үйлчлүүлэгчээс шуудангийн сүлжээ ашиглан, хаягласан эзэнд нь хүргүүлэхээр захидал, боодол, илгээлтийн хэлбэрээр хүлээлгэн өгсөн биет зүйлийг;
3.1.4.“захидал” гэж тодорхой этгээдэд хаягласан 500 граммаас илүүгүй жинтэй, дугтуйлсан болон дугтуйлаагүй шуудангийн илгээмжийг;
3.1.5.“боодол” гэж 1000 граммаас илүүгүй жинтэй, урт нь 245 мм, өндөр нь 35 мм, өргөн нь 150 мм-ээс илүүгүй хэмжээтэй савласан, захидлаас бусад шуудангийн илгээмжийг;
3.1.6.“илгээлт” гэж боодлоос овор хэмжээгээрээ том шуудангийн илгээмжийг;
3.1.7.“шуудангаар үйлчлэгч” гэж шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
3.1.8.“шуудангийн хайрцаг” гэж шуудангаар үйлчлэгчээс шуудангийн илгээмжийг хүргэхэд ашиглах зориулалтаар тодорхой цэгт байрлуулсан савыг;
3.1.9.“шуудангийн богц” гэж шуудангийн илгээмж хийж тээвэрлэхэд зориулсан савыг;
3.1.10.“шуудангийн код” гэж шуудангаар үйлчлэгчийн салбар, цэгийн байршлыг тоогоор, эсхүл үсэг, тоо хосолсон хэлбэрээр илэрхийлсэн дугаарыг;
3.1.11.“үндсэн сүлжээ эзэмшигч” гэж шуудангийн төрийн мэдлийн үндсэн сүлжээг эзэмшигч байгууллагыг.
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Монгол Улсын шуудан
4.1.Монгол Улсын шуудан нь нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шуудангийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй бөгөөд түүнийг шуудангаар үйлчлэгч этгээд /цаашид “үйлчлэгч”гэх/ эрхлэн явуулна.
4.2.Монгол Улсын шуудан нь дараахь төрөлтэй байна:
4.2.1.үйлчлэгчээс эрхлэн үзүүлж байгаа нийтийн шуудан;
4.2.2.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгцээнд ашиглагдах тусгай хэрэглээний шуудан;
4.2.3.аж ахуйн нэгж, байгууллагын дотоодод ашиглагдах дотоодын хэрэглээний шуудан.
4.3.Энэ хуулийн 4.2.2-т заасан тусгай хэрэглээний шуудангийн журмыг Засгийн газар, 4.2.3-т заасан дотоодын хэрэглээний шуудангийн журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо тус тус тогтооно.
/Энэ хэсгийг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5 дугаар зүйл. Шуудангийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1.Шуудангийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
5.1.1.хууль дээдлэх;
5.1.2.шуудангийн үйлчилгээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүртээмжтэй, шуурхай байх;
5.1.3.үйлчлүүлэгчийн эрхийг хүндэтгэх;
5.1.4.шуудангийн илгээмжийг саадгүй, чөлөөтэй илгээх;
5.1.5.үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах;
5.1.6.нийтийн шуудангийн үйлчилгээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тэгш эрхтэй оролцох;
5.1.7.шуудангийн сүлжээний ажиллагаа тогтвортой байх;
5.1.8.шуудангийн салбарт дагаж мөрдүүлэх стандарт, дүрэм нь харилцан уялдсан, нэгдмэл байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шуудангийн талаархи төрийн зохицуулалт
6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар шуудангийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.шуудангийн салбарт төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
6.1.2.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.3.шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгахтай холбогдсон журмыг тогтоох;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.1.4.бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журмыг батлах;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7 дугаар зүйл. Шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх
7.1.Шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн тогтоох;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.1.2.шуудангийн салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
7.1.3.үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
7.1.4.шуудангийн нэгдсэн код батлах;
7.1.5.шуудангийн үнэт цаасыг үйлдвэрлэх бодлого боловсруулах, улсын фонд байгуулах, хяналт тавих;
7.1.6.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийг батлах;
7.1.7.шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журмыг батлах;
/Дээрх 7.1.6, 7.1.7 дахь заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
8 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын эрх хэмжээ
8.1.Шуудангийн талаар бүх шатны Засаг дарга дараахь эрх хэмжээтэй байна:
8.1.1.цаг үеийн болон байнгын саад бэрхшээл бүхий газарт байрладаг үйлчлүүлэгчид шуудангийн илгээмж хүргэхэд үйлчлэгчид дэмжлэг үзүүлэх;
8.1.2.хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээ.
9 дүгээр зүйл. Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх хэмжээ
9.1.Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Зохицуулах хороо дараахь эрх хэмжээтэй байна:
9.1.1.шуудангийн үйлчилгээний давуу эрхийн бүс, бүх нийтийн үйлчилгээний төрлийг тогтоох санал боловсруулах;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.1.2.энэ хуулийн 7.1.1-д заасан давуу эрхийн бүсэд шуудангийн үйлчилгээ үзүүлэгч бусад үйлчлэгчээс Харилцаа холбооны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шуудангийн бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоож, мөрдүүлэх;
9.1.3.шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах;
9.1.4.хууль тогтоомжид заасан бусад эрх хэмжээ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Нийтийн шуудангийн үйлчилгээ
10 дугаар зүйл. Шуудангийн үйлчилгээ
10.1.Шуудангийн үйлчилгээ нь шуудангийн илгээмжийг Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үйлчлүүлэгчид хүргэх дотоодын, гадаад улс орнууд дахь үйлчлүүлэгчид хүргэх улс хоорондын гэсэн зориулалттай байх бөгөөд түүнийг энэ хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, гэрээнд заасны дагуу үзүүлнэ.
10.2.Дараахь эрх бүхий этгээдийн баталсан хуваарь, чиглэлийн дагуу шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж явуулна:
10.2.1.аймаг, нийслэл, хот хооронд шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн;
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10.2.2.аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг болон хот, тосгоны доторх шуудангийн илгээмж хүргэх хуваарь, чиглэлийг тухайн үйлчлэгч.
10.3.Улс хоорондын шуудангийн илгээмж хүргэх үйл ажиллагааг хоёр талын шуудангийн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан Монгол Улсын олон улсын болон үйлчлэгч хоорондын гэрээгээр зохицуулна.
11 дүгээр зүйл. Шуудангийн сүлжээ
11.1.Шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, дамжуулах, солилцох замаар хаягласан эзэнд нь хүргэх үйл ажиллагаа шуудангийн сүлжээгээр дамжин явагдана.
11.2.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үйлчилгээнд ашиглагдах шуудангийн үндсэн сүлжээ нь төрийн мэдэлд байна.
11.3.Үйлчлэгч нь өөрийн шуудангийн сүлжээ байгуулан үйлчилгээгээ үзүүлж болно.
12 дугаар зүйл. Шуудангийн бүх нийтийн үйлчилгээ
12.1.Шуудангийн бүх нийтийн үйлчилгээнд үйлчлэгч нь байршил, хүргэх боломжоос үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нийт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад шуудангийн илгээмжийг энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан хугацаанд хүргэх үйлчилгээ хамаарна.
13 дугаар зүйл. Электрон шуудангийн үйлчилгээ
13.1.Үйлчлэгч нь электрон шуудангийн үйлчилгээ эрхэлж болно.
13.2.Электрон шуудангийн үйлчилгээнд шуудангийн сүлжээгээр дамжуулан факс, нийтийн электрон шуудан, электрон худалдаа, электрон баримт бичиг хүргэх зэрэг үйлчилгээ хамаарна.
14 дүгээр зүйл. Санхүүгийн үйлчилгээ
14.1.Үйлчлэгч нь өөрийн сүлжээг ашиглан захиалгат илгээмжийн худалдаа эрхэлнэ.
14.2.Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна өөрийн сүлжээг ашиглан хадгаламж, даатгал, тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс олгох, мөнгөн гуйвуулга хийх зэрэг санхүүгийн бусад үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн эрхэлж болно.
15 дугаар зүйл. Шуудангийн хэрэгсэл
15.1.Шуудангийн хэрэгсэл нь шуудангийн илгээмж хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, хүргэхэд зориулсан тоног төхөөрөмж, шуудангийн богц, шуудангийн хайрцаг болон бусад хэрэгслээс бүрдэнэ.
15.2.Шуудангийн хэрэгсэл нь төрийн болон орон нутгийн, иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байж болно.
15.3.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйлчлэгч нь гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгийг ашиглаж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Үйлчлэгч, үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
16 дугаар зүйл. Үйлчлэгчийн эрх, үүрэг
16.1.Үйлчлэгч нь дараахь эрхтэй:
16.1.1.улс хоорондын шуудангийн үйлчилгээнд оролцох, гадаадын ижил төрлийн хуулийн этгээдтэй хамтран ажиллах;
16.1.2.үйлчилгээндээ захидлын дугтуй, ил захидал зэрэг өөрийн бүтээгдэхүүнийг хэрэглэх;
16.1.3.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах;
16.1.4.шаардлагатай гэж үзвэл шуудангийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр бусад этгээдээр гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэж, биелэлтэд нь хяналт тавих;
16.1.5.шуудангийн илгээмжид зохих журмын дагуу хяналт тавьж, битүүмжлэхийг үйлчлүүлэгчээс шаардах, илгээхийг хориглосон зүйлийг хүлээж авахаас татгалзах;
16.1.6.өөрийн байгууллагын таних тэмдэг, тусгай хувцас хэрэглэх;
16.1.7. хууль, гэрээнд заасан бусад эрх.
16.2.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
16.2.1.энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;
16.2.2.шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу түрээслүүлэх.
/Дээрх 16.2 дахь хэсгийг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.3.Үйлчлэгч нь дараахь үүрэгтэй:
16.3.1.нийтэд хүртээмжтэй, үр ашигтай шуудангийн үйлчилгээ үзүүлэх;
16.3.2.шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хэрэгсэлтэй байх;
16.3.3.шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тогтоосон хугацаа, журмын тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх;
16.3.4.шуудангийн сүлжээ байгуулах, өргөтгөх, татан буулгах тухай Зохицуулах хороо болон хэрэглэгчид урьдчилан мэдэгдэх;
16.3.5.хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг.
16.4.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч үйлчлэгч нь энэ хуулийн 16.3-д зааснаас гадна дараахь үүрэгтэй:
16.4.1.үйлчилгээндээ орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
16.4.2.энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээг эрхлэн үзүүлэх;
16.4.3.хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг үл зогсоох.
/Дээрх 16.4 дэх хэсгийг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.5.Ажил үүргээ гүйцэтгэж яваа энэ хуулийн 16.1, 171.1-д заасан үйлчлэгч байгууллагын ажилтан нь үйлчлүүлэгчийн нутаг дэвсгэрт болон бүх төрлийн тээврийн буудал, зогсоолд аливаа төлбөр, хураамжгүйгээр саадгүй нэвтрэх эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
17 дугаар зүйл. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
17.1.Үйлчлүүлэгч дараахь эрхтэй:
17.1.1.үйлчлэгчээс стандартад тохирсон үйлчилгээ шаардах, мэдээлэл гаргуулж авах;
17.1.2.шуудангийн илгээмжийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх;
17.1.3.хууль, гэрээнд заасан бусад эрх.
17.2.Үйлчлүүлэгч дараахь үүрэгтэй:
17.2.1.илгээж байгаа зүйлийнхээ талаар үнэн зөв мэдээлэл өгөх;
17.2.2.шуудангийн үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлөх;
17.2.3.хууль, гэрээнд заасан бусад үүрэг.
171 дугаар зүйл. Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигчийн эрх, үүрэг
171.1.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь эрхтэй:
171.1.1.энэ хуулийн 7.1.5-д заасан бодлогын хүрээнд шуудангийн марк гаргах асуудлыг эрхлэн зохион байгуулах;
171.1.2.шуудангийн үндсэн сүлжээ, түүний хэрэгсэл, бусад эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зохих журмын дагуу түрээслүүлэх.
171.2.Шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч дараахь үүрэгтэй:
171.2.1.шуудангийн үндсэн сүлжээг орчин үеийн шуудангийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар шинэчлэх, өргөтгөх;
171.2.2.энэ хуулийн 12.1-д заасан бүх нийтийн үйлчилгээ үзүүлэх, хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх арга хэмжээ авах.
/Дээрх 171 дугаар зүйлийг 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
ТАВДУГААР БҮЛЭГ
Шуудангийн үйлчилгээний тариф
18 дугаар зүйл. Тарифын хэмжээ
18.1.Үйлчлэгч нь дотоодын болон улс хоорондын шуудангийн үйлчилгээний тарифын талаархи саналаа үндэслэл, тооцооны хамт Зохицуулах хороонд хүргэнэ.
18.2.Зохицуулах хороо үйлчилгээний тариф тогтоох саналыг хянан үзэж, холбогдох саналаа 14 хоногийн дотор тухайн үйлчлэгчид хүргүүлнэ.
18.3.Үйлчлэгч нь Зохицуулах хорооны саналыг харгалзан үйлчилгээний тариф тогтоох тухай шийдвэр гаргана.
18.4.Энэ хуулийн 18.3-т заасан шийдвэр гарснаас хойш энэ тухай 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Шуудангийн илгээмжийн төрөл, зэрэглэл, хүргэх хугацаа
19 дүгээр зүйл. Шуудангийн илгээмжийн төрөл
19.1.Шуудангийн илгээмж нь дараахь онцлог бүхий энгийн, баталгаат, үнэ зарласан гэсэн төрөлтэй байна:
19.1.1.энгийн илгээмжид үйлчлүүлэгч өөрөө тарифын дагуу марк наасан энгийн захидал, баталгаат болон үнэ зарласнаас бусад боодол, илгээлт;
19.1.2.баталгаат илгээмжид үйлчлэгчээр батлуулан түүнийхээ төлөө нэмэлт хураамж төлж, хаягласан эзэнд нь гардуулах нөхцөлөөр илгээж буй захидал, боодол, илгээлт;
19.1.3.үнэ зарласан илгээмжид үйлчлүүлэгч илгээмжээ үнэлэн, нэмэгдэл төлбөр хийж илгээж байгаа захидал, боодол, илгээлт.
20 дугаар зүйл. Шуудангийн илгээмжийн зэрэглэл, хүргэх хугацаа
20.1.Шуудангийн илгээмжийг хүргэх хугацаагаар нь ердийн, шуурхай, буухиа гэж зэрэглэнэ.
20.2.Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна.
20.3.Шуурхай зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 1 хоног, аймаг, хотуудын хооронд 3 хоног, бусад газарт 10 хоногийн дотор хүргэсэн байна.
20.4.Буухиа зэрэглэлийн илгээмжийг хүргэх хугацаа нь гэрээнд зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ хуулийн 20.3-т заасан хугацаанаас богино байна.
21 дүгээр зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмж
21.1.Улс хоорондын шуудангаар шуудангийн илгээмжийг хүргэхтэй холбогдсон харилцааг Монгол Улсын олон улсын болон үйлчлэгч хоорондын гэрээ, холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Шуудангийн онцлог үйл ажиллагаа
22 дугаар зүйл. Шуудангийн үйл ажиллагаанд хэрэглэх хэл
22.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шуудангаар үйлчлэгч нь албан хэргээ монгол хэлээр хөтлөн явуулна.
22.2.Улс хоорондын шуудангийн илгээмжийн бүрдүүлэлтийг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хэлээр хийнэ.
23 дугаар зүйл. Хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж
23.1.Хаяггүй буюу хаяг дутуу бичигдсэнээс хаягийг тодорхойлох, хаягт заасан этгээдийг тогтоож, зохих эзэнд нь хүргэж гардуулах боломжгүй шуудангийн илгээмжийг хаяг тодорхойгүй шуудангийн илгээмж гэнэ.
23.2.Шуудангаар үйлчлэгч байгууллагын ажилтан хаяг тодорхойгүй шуудангийн илгээмжийг энэ хуулийн 7.1.7-д зааснаар тодорхойлсон хадгалах хугацаа дуусмагц хүлээн авах буюу илгээсэн этгээдийн хаягийг тогтоох зорилгоор дараахь журмын дагуу задлана:
/Энэ хэсэгт 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
23.2.1.шуудангийн илгээмж задлахад үйлчлэгчийн хоёр, түүнээс дээш ажилтан оролцоно;
23.2.2.шуудангийн илгээмж задалсан үйл явцын талаар тэмдэглэл үйлдэнэ;
23.2.3.энэ хуулийн 24.1-д заасан шуудангаар илгээхийг хориглосон зүйл тухайн илгээмжид байвал түүнийг холбогдох байгууллагад шилжүүлнэ.
23.3.Шуудангийн илгээмжийг задалсны дараа хүлээн авах буюу илгээсэн этгээдийн хаяг тодорсон бол түүнд зохих шалтгаан, үндэслэлийг мэдэгдэнэ.
23.4.Энэ хуулийн 23.2 - 23.3-т заасан үйл ажиллагаа явуулсан боловч хаягт эзнийг тогтоох боломжгүй болсон тохиолдолд илгээмжийг холбогдох байгууллагад шилжүүлэх буюу энэ хуулийн 6.1.3-т заасан журмын дагуу устгана.
24 дүгээр зүйл. Шуудангийн үйл ажиллагаанд хориглох зүйл
24.1.Шуудангаар дараахь зүйл илгээхийг хориглоно:
24.1.1.галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт бодис, түргэн шатамхай бодис, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл;
24.1.2.хортон ургамал, амьтан;
24.1.3.хар тамхи, мансууруулах буюу хордуулах бодис;
24.1.4.хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын болон гадаад улсын мөнгөн тэмдэгт;
24.1.5.түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн;
24.1.6.садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад материал;
24.1.7.хууль тогтоомжоор хориглосон бусад зүйл.
24.2.Шуудангийн сүлжээгээр дамжиж байгаа бүх төрлийн илгээмжийг алдаж үрэгдүүлэх, гэмтээх, зохих зөвшөөрөлгүй задлах, мэдээллийн нууцыг задруулах болон шуудангийн маркыг хуурамчаар үйлдвэрлэх, хуулбарлахыг хориглоно.
25 дугаар зүйл. Шуудангийн марк
25.1.Шуудангийн илгээмж дээр “Монгол” гэсэн тодотгосон үгтэй шуудангийн марк наасан байна.
25.2.Шуудангийн марк нь Монгол Улсын шуудангийн үнэт цаас мөн бөгөөд төлбөрийн хэрэгсэл болно.
НАЙМДУГААР БҮЛЭГ
Хяналт, хариуцлага
26 дугаар зүйл. Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээнд тавих хяналт
26.1.Шуудангийн сүлжээний ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн горимын хэрэгжилтэд хууль тогтоомжид заасны дагуу улсын байцаагч хяналт тавина.
27 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1.Шуудангийн тухай хууль зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
27.1.1.энэ хуулийн 16.3.2-16.3.4, 171.2.2, 20.2-20.4-т заасныг зөрчсөн үйлчлэгчийг 100000-250000 төгрөгөөр торгох;
/Энэ заалтад 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
27.1.2.энэ хуулийн 16.5-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох;
27.1.3.энэ хуулийн 18.1, 18.2, 18.4-т заасныг зөрчсөн үйлчлэгч болон эрх бүхий байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох;
27.1.4.энэ хуулийн 22.1, 23.2-23.4-т заасныг зөрчсөн үйлчлэгчийг 100000-150000 төгрөгөөр торгох;
27.1.5.энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчсөн иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 40000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР